Аяны дүрэм
Хувилбар 0.2 · 2026-09-29 · Хуульчийн хяналтаар эцэслэнэ.
Энэхүү дүрэм нь goodday платформд аян нээх, нийтлэх, удирдах, хаах журмыг тогтоох бөгөөд Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна.
1. Нийтлэхээс өмнөх шалгалт
1.1. Аян бүрийг Платформын ажилтан шалгаж баталсны дараа нийтэд харагдана.
1.2. Шалгалтын явцад Платформ нэмэлт баримт шаардаж, Зохион байгуулагч, Хандив хүлээн авагч эсхүл холбогдох байгууллагатай утсаар холбогдож болно.
1.3. Шаардлага хангаагүй аяныг шалтгааныг нь мэдэгдэж татгалзана. Зохион байгуулагч дутууг нөхөөд дахин хүсэлт гаргаж болно.
2. Ангилал ба шаардах баримт
2.1. Аяныг зорилгод нь таарах ангилалд бүртгэнэ. Ангиллаас хамааран дараах баримтыг шаардана:
| Ангилал | Шаардах баримт |
|---|---|
| Тамирчин | Баталгаажсан тамирчны профайл. Зорилго нь тэмцээний зардал, бэлтгэлийн цугларалт, тоног төхөөрөмж, оролцооны хураамж, эмчилгээ ба нөхөн сэргээлт, дасгалжуулагчийн зардлын аль нэг байна. |
| Эмнэлэг | Эмчийн онош эсхүл дүгнэлт, эмчилгээний зардлын тооцоо эсхүл нэхэмжлэх |
| Оршуулга, дурсгал | Нас барсны гэрчилгээ эсхүл эрх бүхий байгууллагын тодорхойлолт, талийгаачтай ямар хамааралтайг нотлох баримт |
| Яаралтай тусламж, гамшиг | Осол, гамшгийн талаарх цагдаа, Онцгой байдлын газар эсхүл сум, хорооны Засаг даргын тодорхойлолт |
| Боловсрол, аялал | Элсэлтийн бичиг эсхүл урилга, төлбөрийн нэхэмжлэх |
| ТББ, спортын холбоо, клуб | Улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчийн иргэний үнэмлэх, итгэмжлэл |
| Бусад ангилал | Зорилго, зардлын тооцоо. Шаардлагатай гэж үзвэл Платформ нэмэлт баримт шаардана. |
2.2. Зохион байгуулагч ангиллаас үл хамааран аян нээхдээ иргэний үнэмлэхээ барьсан зургаа өгнө.
3. Хуудасны агуулга
3.1. Гарчиг, түүх, зураг, зорилтот дүн нь бодит байдалтай нийцсэн байна. Зорилтот дүн зардлын тооцоонд тулгуурлана.
3.2. Бусдын иргэний үнэмлэх, регистрийн дугаар, эмнэлгийн баримт, дансны дугаарыг хуудсан дээр нийтлэхийг хориглоно. Эдгээрийг зөвхөн шалгалтад зориулж хаалттай илгээнэ.
3.3. Хүүхдийн зургийг эцэг, эх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй үед л нийтэлнэ.
3.4. Бусдын төлөө хандив цуглуулж байгаа бол Зохион байгуулагч Хандив хүлээн авагчийн (эсхүл түүний асран хамгаалагч, гэр бүлийн) зөвшөөрлийг урьдчилан авсан байна.
4. Хориотой аян
4.1. Дараах зорилгоор аян нээхийг хориглоно:
- 4.1.1. Хувьцаа, ашиг, хүү, өгөөж амлах, зээл авах, бизнесийн хөрөнгө босгох;
- 4.1.2. Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн аян;
- 4.1.3. Сугалаа, мөрийтэй тоглоом, шагналт тохирол;
- 4.1.4. Зэвсэг, мансууруулах бодис болон Монгол Улсын хуулиар хориглосон бусад бараа, үйлчилгээ;
- 4.1.5. Хууль бус үйлдлийн улмаас ногдсон торгууль, төлбөр;
- 4.1.6. Үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг өдөөсөн агуулга;
- 4.1.7. Хандив хүлээн авагчийн зөвшөөрөлгүйгээр түүний нэрээр хандив цуглуулах.
5. Нэг зэрэг явуулах аян
5.1. Нэг хүн нэг ангилалд нэг л идэвхтэй аянтай байна.
5.2. Аян идэвхтэй байх хугацаанд ижил зорилгоор өөр сувгаар (дансны дугаар бүхий пост, өөр платформ) хандив цуглуулахыг хориглоно.
6. Мэдээ, тайлан
6.1. Зохион байгуулагч аяны явцын тухай мэдээг хуудсандаа нийтэлж, Хандивлагчдыг мэдээлэлтэй байлгана.
6.2. Аян хаагдахаас өмнө мөнгийг юунд зарцуулсан, ямар үр дүн гарсан тухай мэдээ заавал нийтэлнэ.
6.3. Платформ шаардсан тохиолдолд Зохион байгуулагч зарцуулалтын баримт (төлбөрийн баримт, нэхэмжлэх, эмнэлгийн төлбөрийн баримт) ирүүлнэ.
7. Өөрчлөлт оруулах
7.1. Зохион байгуулагч түүх, зураг, мэдээг хүссэн үедээ шинэчилж болно.
7.2. Ангилал, зорилго, зорилтот дүн, Хандив хүлээн авагчийг өөрчлөх бол Платформ дахин шалгасны дараа өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
8. Гомдол
8.1. Хэн ч аяны хуудсан дээрх “Мэдээлэх” товчоор гомдол гаргаж болно.
8.2. Хоёр гомдол ирмэгц Платформ шалгалт дуустал шилжүүлгийг зогсооно.
9. Дүрэм зөрчсөн үед авах арга хэмжээ
9.1. Зөрчлийн хүндээс хамааран Платформ дараах арга хэмжээг авна:
- 9.1.1. Анхааруулга өгч, зөрчлийг тодорхой хугацаанд засуулах;
- 9.1.2. Шилжүүлгийг зогсоох;
- 9.1.3. Аяныг нийтээс хасах, баталгаажсан тэмдгийг хүчингүй болгох;
- 9.1.4. Цугласан мөнгийг Буцаалтын бодлогын дагуу Хандивлагчдад буцаах;
- 9.1.5. Зохион байгуулагчийн бүртгэлийг хааж, дахин бүртгүүлэхийг хориглох;
- 9.1.6. Залилангийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад мэдээлэх.