Буцаалтын бодлого
Хувилбар 0.2 · 2026-09-29 · Хуульчийн хяналтаар эцэслэнэ.
Энэхүү бодлого нь goodday платформд өгсөн хандив, тип (урамшуулал)-ийг ямар тохиолдолд, хэрхэн буцаахыг тогтооно.
1. Ерөнхий зарчим
1.1. Хандив нь сайн дурын бэлэг тул дараа нь бодол өөрчлөгдсөн, аян зорилтот дүндээ хүрээгүй зэрэг шалтгаанаар буцаагдахгүй.
1.2. Хандивыг зөвхөн энэхүү бодлогын 2-т заасан тохиолдолд, Зохион байгуулагчид шилжүүлэхээс өмнө буцаана.
2. Буцаах тохиолдол
2.1. Платформ дараах тохиолдолд хандивыг буцаана:
- 2.1.1. Аян залилан болох нь шилжүүлэг хийгдэхээс өмнө тогтоогдсон;
- 2.1.2. Аяныг дүрэм зөрчсөний улмаас шилжүүлэг хийгдэхээс өмнө хассан;
- 2.1.3. Зохион байгуулагч 90 хоногийн дотор хүчинтэй данс өгөөгүй;
- 2.1.4. Техникийн алдаанаас болж нэг хандивын төлбөр давхар гарсан.
2.2. Хандивлагч алдаатай дүн оруулсан бол шилжүүлэг хийгдэхээс өмнө хүсэлт гаргаж болох бөгөөд буцаах эсэхийг Платформ тухайн нөхцөл байдлыг харгалзан шийднэ.
3. Тип
3.1. Платформд үлдээсэн тип буцаагдахгүй. Харин 2.1.1, 2.1.2, 2.1.4-т заасан залилан, дүрэм зөрчил, техникийн алдааны улмаас хандив буцаах үед типийг хамт буцаана.
4. Хүсэлт гаргах журам
4.1. Хандивлагч support@goodday.mn хаягаар төлбөрийн огноо, дүн, QPay гүйлгээний дугаар эсхүл банкны гүйлгээний баримтаа хавсаргаж хүсэлт гаргана.
4.2. Платформ хүсэлтийг хүлээн авснаа 1-2 ажлын өдөрт мэдэгдэж, ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
4.3. Буцаах мөнгийг төлбөр хийсэн дансанд нь шилжүүлнэ.
4.4. 2.1.1-2.1.3-т заасан тохиолдолд Платформ хүсэлт хүлээлгүйгээр тухайн аяны бүх Хандивлагчид мэдэгдэж, мөнгийг нь буцаана.
5. Шилжүүлсний дараа
5.1. Зохион байгуулагчид шилжүүлсэн мөнгийг Платформ буцаах боломжгүй.
5.2. Шилжүүлсний дараа залилан илэрвэл Платформ цагдаагийн байгууллагад мэдээлж, Зохион байгуулагчаас мөнгийг буцаан гаргуулахад хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана. Хандивлагч өөрөө ч цагдаагийн байгууллагад хандаж болно.